Б.Болдсайхан: Сайн унтаж халиар, халгай хэрэглэж хаврын ядаргаагаа тайл
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна.
-Ядаргаа юунаас үүдэлтэй байдаг юм бэ. Түүнээс хэрхэн сэргийлэх вэ.
-Хүний биед гарч байгаа янз бүрийн өөрчлөлтийг хүмүүс стресс, ядаргаа гээд заримдаа ижил заримдаа тэс өөр зөрчилтэй нэр томъёо хэрэглээд сурчихсан юм байна. Хүний эд эс дасан зохицох маш өндөр чадвартай хэдий ч өвөл хаврын урт, хүнд хэцүү уур амьсгал, сэтэл зүйн байдлаас шалтгаалан ядарч, биеийн эсэргүүцэл сулардаг. Ядаргааг биеийн буюу булчингийн, булчин мэдрэл хоёрын дамжуулалтын, мэдрэлийн гэж хувааж ангилдаг анагаахын арга бий. Биеийнх бол мэдээж ойлгомжтой. Гэвч хоол ундаа тохируулж, зөв ажиллаж байвал бие ядарна гэж бараг байхгүй. Хүн 24-72 цаг зогсолтгүй гүйлт хийдэг уралдаан ч байдаг. Тэгэхээр булчин ядарна гэж бараг байхгүй. Ялангуяа хангалттай хоол тэжээлээ авч амралтаа харьцангуй зөв зохицуулж чадаж байвал. Баашилж мэдэхгүй жаахан хүүхдүүд “жаран чавганцын ажил”-аа хийсээр биеийн ядаргаа болох нь харин бий. Тэгэхээр хаа ч хамаагүй унтаад өгдөг шүү дээ. Харин мэдрэлийн буюу сэтгэлийн ядаргаа хүн бүхэнд тохиолдоно. Нэг ижил зүйлийг удаан давтан хийх, удаан суухад сэтгэл уйдаж цөхөрч ядардаг. Үүнээс үүдэн бүх бие ядаргаанд орсон мэт санагддаг. Сонирхолтой зүйл ярьж байхад хүний анхаарал таван минут, цаашлаад 45 минут л төвлөрч чаддаг. Түүнээс илүү, удаан байх юм бол анхаарал төвлөрөхөө больж, ямар ч ажил үр дүнгүй болох нь элбэг. Ялангуяа хавар цагт.
Үүний хамгийн сайн эмчилгээ нь унтаж амрах явдал. Бас мартаж сурах хэрэгтэй. Хэрэгтэй мэдээллээ шигшээд онц шаардлагагүйг нь хаяж гээж байх шаардлагатай. Хаврын цагт борц, банштай цай ч юмуу уламжлалт Монгол хоол, ундаа түлхүү хэрэглэж байх нь чухал.
-Хаврын нялх халгай, халиараар хуушуур хийж идвэл ядаргаанд сайн гэдэг. Үнэн үү?
-60-70 кг жинтэй байсан найзууд маань одоо 100 кг гарчихсан байна лээ. Тэгэхээр 70 кг жинтэй байсан хүн 110 гарчихсан явж байна гэдэг нь унтсан ч, явсан ч, хэвтсэн ч дөчийн бидонтой ус тэврээд явж байна гэсэн үг. Энэ нь өөрт нь ч хэцүү. Ингэж таргалсны учир нь хоол тэжээлтэй шууд холбоотой. Би энэ бүхнийг холоос эхэлдэгийн учир нь монголчууд аль болохоор уламжлалт хоолоо идэж байх ёстой гэж зөвлөх дуртай. Тэгж байж эрүүл чийрэг, жин нэмэхгүй, аюулт өвчинд нэрвэгдэхгүй, ходоод гэдэс, зүрх судас, сахарын өвчинд өртөх нь бага байна. Монголчууд шар будаатай банштай цай, борцтой шөл, халгай, халиартай хуушуур хоол л иддэг уламжлалтай байсан. Өвөл, урт хаврын дараа зооринд байгаа мах, жимс, ногоонд витамин гэх юм ер байхгүй. Тэгэхээр тэрийг нөхөж олж авахын тулд монголчууд нялх халгайтай хуушуур их иддэг. Судалгаагаар, халгай бол яах аргагүй маш их С витаминтай, Р витамин, тэр байтугай В-гийн төрлийн витаминуудтай гэдэг нь нотлогдсон. Байгалийн витамин болохоор зүгээр л дээ. Амт шимт ч сайтай.
Мөн халиартай хуушуур сайн. Халиар, халгайтай хуушуур идэхээр андашгүй шинэ ногоо идсэн мал шиг л тэнхээ сайжирч, сэргээд ирнэ. Дээр нь шинэ цагаан идээ идэх нь зөв. Хүүхэд төрсний дараа эхийн хөхнөөс эхэндээ маш их уураг гардаг. Дараа нь өндөр хэмжээний уурагтай сүү гараад, аандаа сүү болдог. Үнээ тугалласны дараа уургийг нь идэх сайн. Малын сүү хамгийн өндөр шим тэжээлтэй, уурагтай. Дээр нь витаминтай, микроэлементтэй. Тийм учраас аль болох шингэн сү авч ууж байх хэрэгтэй. Үнээний уураг бага зэрэг идэж байвал хурдан тамир тэнхээ орно. Ялангуяа өндөр настай хөгшчуул, бага насны хүүхдэд өгөөрэй. Залуучууд ч халгай, халиартай хуушуур, шинэ уураг идвэл тамир тэнхээтэй болно. Сүүлийн үед надад үзүүлсэн олон хүн ядраад, нойр хүрээд гэж байгаа. Тэгэхээр урт хаврын дараа хүн бүр л ийм байдаг. Халгай, халиартай хуушуур ядаргаа амархан тайлна, бие организм сэргээнэ, дархлааны систем сайжирна.
Ер нь л уламжлалт хоолоо сонгож, зун болохоор цагаан идээ, сүү, тараг, айраг, ааруул сайн идэж байх хэрэгтэй. Зун хамгийн эхэнд гарч ирдэг гүзээлзгэнээс авахуулаад аньс хүртэл жимс, самар сайн ид. Хавар борц сайн ид.
Монголчууд 1990-ээд оны дундзаас хойш огцом таргалж, түүнээсээ болж зүрх судалсны өвчлөл дөрөв дахин, чихрийн шижин өвчнөөр өвдөх нь тав дахин нэмэгдсэн. 1990 он гэхэд Улаанбаатарын хүн ам 500 мянга хүрэхгүй байсан бол одоо сая гаруй болоод байна. 1990 оноос хойш бидний хоол тэжээл маш олон төрөл, элбэг дэлбэр болсон. Бид өглөө хоол биш хөнгөн цай ууж, өдөр их юм идэлгүй явж байгаад оройн гурилтай шөл иддэг, мах чанадаг, хааяа нэг бууз, цуйван иддэг байсан. Дээр нь уламжлалт хоолоо иддэг байсан. Гэтэл ийм байснаа болиод жилийн дөрвөн улиралд дээд гурилын талх, боов, төмс иддэг болсон. Үүнээс шалтгаалаад зүрх судасны өвчин ихэсч, маш олон хүн таргалсан.
-Гоёодох юутай холбоотой вэ. Олон дахин гоёодох нь муу юу
-Гоёодвол сайхан хүүхний өмнө гурван удаа мөргөхөөр зүгээр болдог гэж манайхан ярьдаг. Гоёодно гэдэг нь хүзүүний радикулит болж байгаа юм. Монголчууд нурууны радикулитыг сайн мэддэг ч хүзүүнийхийг мэддэггүй. Хүзүүний хэсэг мэдрэлийн судал эвгүй хөдөлгөөнд хүзүүний ясны хөдөлгөөн багатай байснаас болж, мөн цусны эргэлт удааширч тогтонгишоод үрэвсэхэд мэдрэл цочроод булчих татахыг хэлж байгаа юм. Эсвэл хүзүүний ясан дээр яс ургаж, тэрүүндээ хавчигдан дарагдаад, эвгүй хөдлөхөд бас ингэдэг. Тийм учраас хүзүүгээ үргэлж хөдөлгөж, сунгаж, дасгал хийж байх ёстой. Бариулж болно. Гэхдээ өвчин намдаах үрэвслийн эсрэг болон булчин бага зэрэг сулруулах эм хийж, сунгалтын дагал хийж, бариа хийлгэж зүгээр болно.
-Нүд улайх, өвдөхөд хөхний сүү дусаадаг. Энэ зөв үү. Үнэхээр сайн уу. Ер нь хөхний сүүний найрлагын талаар хэлж өгөөч?
Эхийн хөхний сүү бусад амьтныхтай адилхан. Өөрийн нялх үр төл, хүүхдийг бүрэн, хангалттай тэжээх, эрүүл чийрэг байлгах, дархлааг нь өгөх зэрэг бүх шим тэжээлийг агуулсан хамгийн сайн тэжээл. Эхийн сүүнээс илүү тэжээл гэж байдаггүй. Үндсэн найрлагад уургууд, өөх тос, чихэрлэгийн зүйл, витаминууд, дархлааны бодисууд байдаг. Хүн төрөлхтөн шинээр зохиох аргагүйгээр, төгс хэлбэрээр бүтээгдсэн тэжээл. Тийм учраас хөхний сүү илүү гараад байгаа бол асгахгүй, аль болох настай хүмүүс, хүнд өвчтэй хүнд өгвөл муухан эмнээс сайн эмчилгээ болно. Харин эхийн сүүг нүд өвдөхөд дусаахад нүдийг өвтгөж байгаа нянд ч маш сайн тэжээл болох тул дэмий байх. Тэрний оронд нүдний хлорамфениколийн дусаалга өдөрт 4-5 удаа дусаахад хэд хоноод л гайгүй болно доо.
-Ер нь кали ихтэй бүтээгдэхүүн, жишээ нь лууван их идэх сайн уу?
-Лууван онцгой их калитай биш. Харин хатаасан усан үзэм буюу үзэм л калитай байдаг. Кали ихтэй бүтээгдэхүүнийг зүрхэнд сайн гэж хэлж болохгүй. Дээр хэллээ хавангийн эм уусан тохиолдолд л сайн гэхээс бусдаар кали зүрхэнд эмчилгээний ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Хүний биед хэвийн хэмжээнд цусанд нв 3-6 мгр кали байх ёстой. Тэр нь багасвал биед их өөрчлөлтүүд гардаг. Тэрийг л нөхөж өгөх зориулалттай.
-Нохойн чихний цус түлэгдэлд сайн гэж үнэн үү?
-Хүмүүс нохойн чихний цус түлэгдэлд сайн гэдэг юм билээ. Энэ нь нэг талаас онолын хувьд зөв сэтгэлгээ. Яагаад гэвэл, түлэгдээд гараад ирсэн, улайсан арьс махан дээр хамгийн тэжэлтэй орчин бол цус байдаг.
Заавал нохойн чихнийх байдгийн учир нь гар дор нохой байдаг учраас тэр болов уу. Хүний ч бай, нохойных ч бай, ер нь амьтны чих маш их цусан хангамжтай. хХатгахаар маш их цус гардаг болохоор тэр байх. Харамсалтай нь хүний бие махбодийн эсэд тэжээллэг сайн орчин бий болж чадна гэдгээсээ гадна нянд бас тэжээлийн маш сайн орчин болж өгдөг. Тийм учраас өөрийнх нь түлэгдсэн эд эс ургахтай уралдаад нян ургаад түлэгдсэн эс нь бохирдож хүндрэх магадлал ихтэй. Удахгүй эрдэмтэд яг цустай адилхан орчин, гэхдээ антибиотиктой эм бэлдмэл бүтээх байх гэж бодож байна. Ер нь бол нохойн чихний цус сайн гэдэг нь оргүй юм биш байх. Гэхдээ галзуу, бэтэгнээс авахуулаад өөр бусад аюултай өвчнийг шууд цуснаас цусанд авч өвдөх магадлал нь дэндүү өндөр.
-Хамрын үзүүр улайх нь юутай холбоотой юм бэ?
-Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ хамрын тамхи олон татсан хүмүүсийн хамар улайдаг. Мөн элэгний архаг үрэвсэлтэй хүнийх, архи ууж байсан бол улайдаг гэдэг. Гоо заслын эмчилгээ хийлгэж болно. Би цөөн хэдэн найз хөгшчүүлд тэр өргөссөн судсыг нь таслах хэрэглэж үзэж байсан. Гайгүй л болдог юм билээ. Хэрэв өөр зүйлээс шалтгаалаагүй бол шүү дээ. Түүнээс биш дотор эрхтний өвчлөлтэй холбоотой бол шалтгааныг нь тогтоож, эмчлүүлэх ёстой.
-Хүн яагаад зогисуулдаг вэ?
-Зогисно гэдэг нь ямар процесс вэ гэдгийг эхлээд тайлбарлая. Хүний цээжинд байдаг эрхтнүүд: зүрх үнхэлцгэн дотроо байна, хоёр уушги гадуур нь дэр мэт хамгаалж байна, дор нь өрж байна. Монголчууд өрцийг заримдаа цорой гэж ч нэрлээд байдаг. Цээжний хөндий, хэвлийн хөндий хоёрыг тусгаарлаж байдаг булчингийн таславч байх нь.
Зогисно гэдэг нь өрц тайван үедээ хүнд захирагдахгүй огцом агших үе бий. Тэрнээс болоод цээжийг огцом хөдөлгөөд байдаг. Энэ бол маш том, өргөн, цээжний хэмжээтэй булчин учраас тэгж мэдэгддэг. Яагаад зогисдог гэхээр, өрцийг мэдрэлжүүлж байдаг өрцний мэдрэл гэж байдаг. Энэ мэдрэл нь тархинаас ирэхдээ цагаан мөгөөрсөн хоолойн хажуу хоёр талаар нь явдаг. Цагаан мөгөөрсөн хоолойн ард талд улаан хоолой байдаг. Улаан, цагаан хоолойн хажууд өрцний мэдрэл явдаг байх нь байна. Тэгэхээр их хүйтэн агаар амьсгалах, их хүйтэн юм уух юм уу, эсвэл бүхэл том юм залгихаар цочирдог. Улаан хоолойн булчин том юм залгихаар тэлэгдээд өнгөрнө. Гэтэл тэрний яг хажууд байгаа мэдрэл түлхэгдээд ирэхээр мэдрэл сунадаггүй учир цочирдог. Энэ мэдрэл цочирсноос болоод өрц агшихыг зогисуулах гэдэг.
-35 настай эмэгтэй. Их эвшээлгэх нь зүрх муутай, цус багатай хүнд илэрдэг гэж үнэн үү. Би нойр хүрээгүй үедээ ч эвшээлгээд байдаг?
-Зүрх муутай биш , харин цус багатай хүн их эвшээлгэдэг. Ер нь цус багатай, тамирдсан хүний шинж тэмдэг. Өөрөөр хэлбэл, босоо зогсох, суух үед тархинд очиж байгаа цусан хангамж ялангуяа хүчилтөрөгчийн хангамж муу байна гэсэн үг. Тэгэхээр цусаа, цусан дахь төмрийн хэмжээг шалгуулах ёстой. Шинжилгээгээр уураг ямар байгааг тодорхойлуулах хэрэгтэй. Хэрэв эмэгтэй хүн бол сарын тэмдгийн үед ч юм уу, ямар нэгэн байдлаар цус их алддаг юм биш байгаа. Түүнийг шалгуулах хэрэгтэй. Энэх бүхнийг шалгуулаад өөрчлөлт байхгүй бол ядарсантай холбоотой байж болох юм. Хавар хүмүүс их ядардаг. Аминдэм, хүн орхоодой уух хэрэгтэй. Биеийн хөдөлгөөн дасгал хийх хэрэгтэй
-Доргоны тос, мах хавдарт сайн гэж хүмүүс зөвөлдөг нь үнэн үү?
-Манайхан сүүлийн үед ходоодны хавдартай хүний өвчнийг анагаах гэж доргоны тос их хэрэглэх болжээ. Дорго баавгайн төрлийн амьтан. Баавгайтай адил хүчирхэг, бас шингэн тостой амьтан. Ханаагүй өөхний хүчлүүд ихтэй. Миний хувьд доргоны мах, тос сайн гэдэгт огт итгэхгүй байна. Олон ч таньдаг хүн маань хэрэглэж байсан. Доргоны тос ач тусаа өгөөд эдгэрсэн гэж сонсоогүй. Ийм ярианд итгэж өвчтэй байгаа хүнээ ч, ар гэрийнхнийг нь ч хуураад байгаа юм. Түүний оронд мэс засал, туяа гэх мэт шаардлагатай эмчилгээг нь хийлгээд явбал хамаагүй илүү үр дүнтэй. Ер нь доргоны мах, тосыг манайхаас өөр ямар ч оронд хэрэглэдэггүй.
-Цэгэн иллэг зүрхэнд сайн уу. Хүний биеийн аль хэсэгт иллэг хийвэл нөлөөлөх вэ?
-Тодорхой биш асуулт байна. Цэгэн иллэг бүх эрхтэнд сайн. Хүний арьс, биеийн гадарга маш их мэдрэмтгий үй олон хүрэлцэх мэдрэлийн төсгөлтэй байдаг. Ялангуяа хөдөлгөөн багатай хүмүүст цэгэн иллэг хийж байхад зүгээр. Хөгшчүүл өглөө босонгуутаа чихний ард талын бондгор ясны ард массаж хийдэг. Энэ нь тархины цусан хангамжийг сайжруулдаг, нүдний харааг муутгахгүй хамгаалж байдаг. Зүрхний хувьд яг цэгэн массаж гэж байхгүй. Зүрх нь цээж гэх том хөндийд байдаг учир гаднаас нь нөлөөлөх аргагүй. Харин зүрх орчмын бүх эрхтэнг мэдрэлжүүлдэг зон бий. Зүүн гар, дал, хүзүүндээ бариа хийлгэвэл биед эвтэйхэн байхаас гадна даралт бага зэрэг буух магадлалтай.
-Шүд хавирах юутай холбоотой вэ?
-Гол төлөв ямар нэгэн стресс, сэтгэлийн далд зовиуртай хүмүүст тохиолддог. Эс бол архи уусан тохиолдолд шүд хавирдаг. Хүн унтахад тархины дээд давхарга 80-90 хувь нь мөн булчингууд ээлжилж амарч байдаг. Хэрэв дээрх шалтгаангүйгээр шүдээ хавираад байвал ийм хүмүүсийг психоанализхийлгэж, стресс далд зовиуртай байгаа, эсэхийг тодорхойлуулах хэрэгтэй. Архи уудаг болон хүнд жинтэй хүмүүс шүдээ хавирч байвал амьдралын дэглэмээ өөрчлөх шаардлагатай гэсэн үг. Зарим тохиолдолд тэгээд ч нэмэргүй тул хамт байгаа нь дасахаас өөр аргагүй дээ.
Comments
Post a Comment