Нүүрээ хооллоё, хүүхнүүд ээ!
Хүүхнүүд бид их сонин улс шүү? Хөргөгчинд нь нүүрний арьсны натурал “хоол” төрөл бүрээрээ бэлээхэн байж байхад, түүнээ огт тоохгүй, заавал үйлдвэрийн, элдэв химийн хольцтой, яав ч натуралаас долоон дор маскуудыг авна. Өргөст хэмхний, ногоон цайны мэтийн энгийн маскуудыг дэлгүүрээс авах хэрэг юу байна? Өөрөө өргөст хэмхийг хэрчээд, үрээд, эх орныхоо тайгын ургамлаар хийсэн ногоон цайг хандлаад нүүрэндээ “зоог баривал” нүүрний тань арьсанд хавьгүй илүү үр дүнтэй тусах биш үү?
Ямар ч айлын хөргөгчийг онгойлгоод үзэхэд хэд хэдэн төрлийн энгийн натурал маск хийж болох хүнсний бүтээгдхүүн байж л байгаа. Зөөхий, аарц, зөгийн бал, өндөг, ургамлын болон цөцгийн тос, цай, төрөл бүрийн жимс, ногоо...ммм... гээд л арьс маань “амаа олохгүй идэхээр” амттан танайд байж л байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо нэг жаахан нүүр хүзүүний арьсаа баярлуулбал яасан юм бэ, алийн болгон ходоодоо л баярлуулахав? Байгалийн сайхан жимс боловсорч байна, цаана чинь, энэ сайхан натурал витаминыг ходоодоор дамжуулалгүй, нүүрэндээ шууд хүртээвэл хөөрхий минь яасан их баярлах бол? Үүнд ажил ороод байх юм байхгүй, идэж байгаа жимсээ нүүр хүзүүндээ нялаад хэдэн минут байлгачихад л хангалттай.Энэ бол хамгийн энгийн маск боловч ач тус нь танд гологдохгүй, ямар ч үйлдвэрийн маск, нүүрний тос болон бусад нүүр арчилгааны бүтээгдхүүнээс илүү их үр дүн өгнө. Болж л өгвөл нүүрэндээ маск тавьж байхыг эрхэмлэвэл та өдрөөс өдөрт “царай орсоор” байх вий. Маскны тусламжтайгаар нүүрний цусан хангамжаа нэмэх, арьсныхаа үхэжсэн эд эсүүдийг зайлуулах, хялгасан үрчлээснүүдээ арилгах, өрөвслийн процессийг эдгээх, нүүрнийхээ булчинг чангаруулах, арьсаа уян зөөлөн болгох, арьсныхаа ядаргааг тайлах гээд хүссэн үр дүндээ хүрч болно.
Маскийг дотор нь цэвэрлэх маск, тэжээлийн маск, сэргээх маск, арьс гуужуулах маск, цайруулах маск, арьсны тослогийг багасгах маск, чийгшүүлэх маск, тайвшруулах маск, эмчилгээний маск гэх зэргээр ангилдаг. Нэгэн зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг /цэвэрлэх,тэжээх,зөөлрүүлэх,цайруулах, тайвшруулах г.м./ маш олон хувилбараар маскийг хийж болно. Ямар маскийг сонгох нь яг одоо та ямар үр дүнг сонирхож байгаагаас, мөн жилийн улирал, таны нас, арьсны тань шинж чанар зэргээс шууд хамаарна. Тэжээлийн маскуудыг ямар ч хүн гэртээ хийгээд тавиад байж чадах тул танд хэдэн зөвөлгөө болон маскны жор хүргэе.
Мэдээж, арьсыг хамгийн сайн тэжээдэг маскууд бол жимс, ногооны маск гэдэг нь ойлгомжтой. Шинэхэн натурал витамин, эрдэс бодиснууд... Элдэв “витаминтай” гэх тос, үйлдвэрийн масктай жишээд ч хэрэггүй. Жимс ногооны маскийг тослог, үрчлээтсэн, сэвхтсэн арьсанд ямар ч хольцгүйгээр тавьж болно. Харин хуурай арьсанд бол ургамлын тос, цөцгийн тос, зөөхий зэргийг нэмэх хэрэгтэй. Цочромтгой эмзэг арьсанд ус болон сүүгээр шингэлж тавьбал зохино. Зөөлөн жимс жимсгэнийг халбагаар нухна, хатууг - үрүүлд үрнэ. Эсвэл маш нимгэн зүснэ. Маскийг бэлдэнгүүтээ тэр дор нь хэрэглэх хэрэгтэй. /агаарт витамин маш хурдан задардаг/ Өтгөн маскийг хуванцар хусуураар, хуруугаараа, эсвэл багсаар түрхэнэ. Шингэнийг, хэд давхарласан марланд, эсвэл зориулалтын бэлдэцэнд шингээж нүүрэндээ тавина. Зөгийн балтай маскийг болгоомжтой хэрэглээрэй. Харшил өгөмтгэй эд. Эхлээд чихнийхээ ард түрхээд 15 минут байлгаад үзээрэй. Ер нь хэрэглэж үзээгүй маскийг эхлээд чихнийхээ ард туршаад үзсэн нь өлзийтэй.
Маск тавихын өмнө нүүрээ сайн цэвэрлэнэ. Халуун бигнүүр тавьж арьсаа эхлээд бэлдвэл мэдээж хавьгүй илүү үр дүнтэй байх болно. Тэгээд маскаа түрхээд болж өгвөл хэвтэх нь зүйтэй. Юм ярихгүй тайван хэвтвэл сайн.
Маскийг 15-20 минут тавихад л хангалттай. Энэ хугацаанд арьс өөрт хэрэгтэй бодис, үйлчилгээгээ бүрэн авч амждаг тул удаан байлгах шаардлага байхгүй, харин ч муу талтай: арьс сунах, ядрах зэрэг үзэгдэл гардаг.
Хугацаа дуусмагц, маскаа нойтон алчуур, эсвэл норгосон хөвөнгөөр хөнгөн арчиж аваад, нүүрээ эхлээд бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар зайлаарай. Угаах биш, зайлах юм шүү: нүүрэндээ өгсөн тэжээлээ буцаагаад угаагаад авчихвал ямар хэрэг байхав дээ? За тэгээд шаардлагатай бол тосоо түрхэнэ.
Хуурай арьсанд зориулагдсан масканд ургамлын тос орох нь элбэг. Энд ямар ч ургамлын тос байж болох боловч, хамгийн их витамин болон бусад ашигтай бодисыг оливын тос өөртөө агуулж байдаг тул ургамлын тосны хаан-оливын тосыг хэрэглэвэл сайн. Мөн нохойн хошууны үрний тос, төрөл бүрийн самрын тос ч байж болно.
Маскийг тань бүрдүүлж байгаа бүх бүтээгдхүүн экологийн цэвэр бүтээгдхүүн байх ёстойг хэлээд хэрэггүй биз? Эрээнээс ирдэг чанаргүй өргөст хэмхээр нүүрээ хордуулаад яахав. Зун намарт байгалийн жимс, ориг ногоо боловсрох үеээр нүүрээ сайтар хооллож авч байх хэрэгтэй байх.
Аливаа маскийг бэлдэхдээ хольцуудаа бага багаар хийн тасралтгүй хутгаж нэгэн жигд болгоод аль болох хурдхан шиг нүүрэндээ тавиарай. Дөнгөж хөргөгчнөөс гаргаж ирсэн бүтээгдхүүнээр маск зуурч байгаа бол халуун усан дотор тавьж бүлээсгэхээ мартуузай. Танд амжилт хүсье!
Хуурай болон хэвийн арьсанд зориулагдсан маскууд
1ширхэг өндөгний шар+2 цайны халбага ургамлын тос, сайтар хутгаад+0,5 ц/х шингэн ногоон цай + 1ц/х зөгийн бал. Нэгэн жигд болтол нь хутгаад, талыг нь нүүр, хүзүүндээ түрхээд, 5 минутын дараа үлдсэнийг нь нэмж түрхэнэ.
2 амны халбага аарц+1 а/х цөцгий+чимх давс+1 а/х ургамлын тос.
1ширхэг өндөгний шар+0,5 ц/х жимсний, эсвэл ногооны шүүс+1ц/х ургамлын тос+1ц/х зөөхий.
Нарийн үрүүлээр үрсэн лууван-2 амны халбага + 1ш өндөгний цагаан, хөвсийтөр нь хутгаад + 1ц/х ургамлын тос + халбагны үзүүрээр цардуул
Тоорны нухаш-2 а/х + 1ш өндөгний цагаан, сайн хутгаад + бага зэрэг гурил.
Бананыг нухаад +жаахан сүү
Нарийн үрүүлд үрсэн өргөст хэмх + зөгийн бал+ургамлын тос /бүгд ижил хэмжээтэй/
Ногоон салатны навчнуудыг жижиглэн хэрчээд, ургамлын тостой хутгаад хэдэн дусал нимбэгний шүүс нэмнэ.
1ш өндөгний шар+1 ц/х зөгийн бал + 1ц/х рашаан ус
1ш өндөгний шар + 1а/х ургамлын тос + 1 а/х зөгийн бал
1ш өндөгний шарыг 1 а/х нунтагласан геркулестэй хутгана.
1а/х цөцгий + 1ш өндөгний шар + 1ц/х луувангийн шүүс
Улаан лоолийг нухаад өтгөртөл нь цардуул нэмж хутгаад хэдэн дусал ургамлын тос нэмнэ.
Нүүрээ цөцгийгээр арчаад, дээрээс өндөгний шар түрхэнэ. Нойтон гараараа массаж хийж нүүрэн дээрээ хөөс үүсгээд, хатаана. Дараа нь усаар угаана.
Шинэхэн төмсийг чанаж нухаад, сүү, жимсний болон ногооны шүүс нэмж хутгана.
Гүзээлзгэнийг нухаад + зөөхий + зөгийн бал.
Өргөст хэмхийг нарийн үрүүлээр үрээд + зөөхий + хэдэн дусал ургамлын тос.
Тослог арьсанд зориулагдсан маскууд.
2ш өндөгний шар + 1ц/х лимоны эсвэл өөр исгэлэн жимсний шүүс + 2ц/х зөөхий. Маскийг угаасны дараа ногоон цайгаар хүйтэн бигнүүр тавина.
2ш өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад + 0,5ц/х лимоны шүүс. Нүүрэндээ багсаар түрхээд 5 минут тутам нэмж түрхэнэ. Нүхтэй, барзгардуу тослог арьсанд маш тохиромжтой.
1а/х аарц + 1 а/х ургамлын тос + бага зэрэг сүү + бага зэрэг луувангийн шүүс. Нүүрэндээ 30минут тавина.
Үхрийн нүд, эсвэл улаалзганыг бяцлаад, 1а/х крахмал нэмж хутгана.
Шүүслэг лууванг үрээд бага зэрэг тальк /хүүхдийн цацлага/ нэмнэ.
Өргөст хэмхийг нарийн үрүүлд үрээд, цөцгийн тос нэмж хутгаад 1 цаг байлгана. Дараа нь тунасан шүүсийг нь юүлээд, өтгөн хэсгийг нь нүүрэндээ тавина. Маскыг авсны дараа шүүсээр нь нүүрээ арчина.
Хөөсөртөл нь хутгасан өндөгний цагаан дээр 1ц/х чацарганы шүүс нэмнэ.
Үрчлээтэй, хөгширч эхэлсэн арьсанд зориулагдсан маск
Түүхий төмсийг нарийн үрүүлээр үрээд, хоёр марлын дунд хийгээд нүүрэн дээрээ тавина.
1а/х зөгийн бал + 1а/х өтгөн ногоон цай + 2 а/х нунтагласан геркулес + 2а/х ус. Хутгаад, бүлээсгээд нүүрэндээ тавина.
1ш өндөгний шар + 1ц/х ургамлын тос + хэдэн дусал нимбэгний шүүс.
1ш өндөгний шар + 1ц/х ургамлын тос, 1ц/х зөөхий + 1ц/х луувангийн шүүс + 2-3ц/х крахмал, эсвэл нунтагласан геркулес.
1ш өндөгний шар + 10г ургамлын тос + 10г зөгийн бал + 10г зуун настын шүүс + 15г цэвэр ус
2 халбага шинэхэн аарц + 0,5а/х шингэн зөгийн бал + тал өндөг. Хөөсөртөл нь хутгаад нүүрэндээ түрхэнэ.
1ш өндөгний цагааныг хөөсрүүлээд, 2а/х өргөст хэмхний шүүс нэмж хутгана.
Халгай, багваахай цэцэг, таван салаа зэргийн аль нэгний ногоон навчийг машиндаж жижиглээд + бага зэрэг ус+1а/х зөгийн бал.
Ээдэм + зөөхий /хуурай арьсанд/, ээдэм + тараг/тослог арьсанд/.
Түүхий хулуу /кабачок/ нимгэн зүсээд нүүрэн дээрээ шууд тавина. 20минутын дараа түүхий сүүгээр зайлна.
Алимыг үрүүлд үрээд + 1а/х ургамлын тос, эсвэл цөцгий /хуурай арьсанд/, 1 өндөгний цагаан/тослог арьсанд/
Comments
Post a Comment